Цахим худалдаа гэдэг нь интернэтээр дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээ авах, өөрийн барааг худалдах өгөгдөл дамжуулах үйл явц юм. Үүнийг цахим худалдаа, интернэт худалдаа, e-commerce гэх мэт олон янзаар нэрлэдэг. Энэхүү цахим үйлчилгээний цар хүрээ нь өсөн нэмэгдэхийн хэрээр үүнийг дагасан цахим эрсдэлүүд даган нэмэгдэж байгаа учир анхаарууштай зарим зөвлөмж мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
1.Цахим орчны сурталчилгаанд хэт автах
Сүүлийн үед Social influencers буюу сошиалд нөлөө бүхий хүмүүс цахим хуудсаараа дамжуулан маркетинг хийх нь элбэг болсон. Олны танил хэн нэгэн сошиалд мэдээллээ оруулах хувийн мэдээлэл, картын дугаар зэрэг бусад нууцлалтай мэдээлэл оруулахыг шаардах, санал болгоход та нөлөөнд автахгүй байх нь чухал юм. Учир нь хувийн нууцлалтай мэдээлэл оруулах хүсэлт нь хэн нэгний нэрийг барьж залилан хийх, цаашлаад таны хувийн мэдээллийг ашиглах зорилго бүхий цахим залилан байх боломжтой юм.
2.Цахим хуудас болон пэйж хуудсыг шалгаж, нягтлах
Цахим худалдаатай холбоотой цахим луйвар нь ихэвчлэн цахим хуудсуудаар дамжуулан хийгддэг тул аливаа онлайн худалдан авалт хийх гэж буй бол тухайн цахим хуудасны (website)-г аюулгүй, найдвартай эсэхийг сайтар нягтлаарай. Ингэхдээ тухайн цахим хуудас нь https:// гэсэн тодотголтой байдаг ба танд сэжигтэй санагдвал тухайн цахим хуудас руу бүү хандаарай.
3. Шагнал урамшуулал, хонжвор хожсонгэх худал мэдээлэлд автахгүй байх
Санамсаргүй байдлаар сугалаанд хожсон, их хэмжээний бэлэн мөнгө хүлээн авахаар болсон талаарх мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч, энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэргийн түгээмэл хэлбэр болохыг анхаарна уу!
4. Хүлээн авагчийг ямагт нягтал
Ямар нэгэн шилжүүлгийн гүйлгээ хийхэд хүлээн авагчийн төлбөр хүлээн авах данс солигдож өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн тохиолдолд энэ нь цахим залилан байх боломжтой юм. Та хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг үнэн эсэхийг тухайн хүлээн авагчаас (аман болон бичгээр) заавал тодруулж баталгаажуулна уу.
5. Бүртгэлтэй дугаарт ирж буй нууц үгийг бусдад дамжуулахгүй байх
Хэн нэгэнд гар утсаа хэрэглүүлэхгүй байх. Таны гар утсанд цахим банкны мэдээллийг /нэвтрэх нэр, нууц үг/ сэргээх болон бусад төхөөрөмжөөс хандахыг зөвшөөрөхөд ашиглагдах баталгаажуулах код ирдэг тул санхүүгийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж бусдад гар утсаа ашиглуулахгүй байна уу!
6. Ухаалаг гар утасныхаа аюулгүй байдлыг хангах
Цахим банкны аппликэйшн суулган ашигладаг гар утас болон ухаалаг төхөөрөмжид зөвшөөрөлгүй хандахаас сэргийлж нэвтрэх код /хурууны хээ/, царай таних функцуудыг ашиглан аюулгүй байдлаа хангаарай. Мөн ухаалаг утас үйлдвэрлэгчид нь өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон аюулгүй байдлын функцүүдээ улам сайжруулах зорилгоор аппликэйшнээ тогтмол шинэчилж байдаг тул утасны үйлдлийн систем болон цахим банкны аппликэйшний сүүлийн хувилбарыг суулган, тогтмол сайжруулалт хийж хэвшээрэй.
7. Төлбөрийн картын нууцлалтай мэдээллээ хамгаалах
Өөрийн төлбөрийн карт болон түүнтэй холбоотой мэдээллийг (картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV дугаар, ПИН код, гарын үсэг зэрэг) бусдад хэлэхгүй, дамжуулахгүй, бичиж тэмдэглэхгүй байх нь картын мэдээллийн аюулгүй байдлаа хангах энгийн алхам юм.
8. Төлбөрийн картын ашиглан цахим худалдан авалт хийхдээ нягталж хэвших
Төлбөрийн карт ашиглан цахим худалдан авалт хийх бүрдээ өөрсдийн картын мэдээллийг оруулах нь тийм ч тохиромжтой үйлдэл биш юм. Учир нь, худалдан авалт хийсэн онлайн дэлгүүрт таны картын мэдээлэл хадгалагдсан байдаг. Түүнээс гадна аливаа асуудал үүссэн тохиолдолд мөнгөө буцааж нэхэмжлэх эсвэл төлбөрийн баримтаа авахад хүндрэл үүсэх эрсдэлээс сэргийлж, урьдчилан нягталж үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан баталгаажуулаарай!
Залилан үйлдэж буй этгээдүүдийн арга улам нарийсан нэмэлт төхөөрөмж ашиглан картын бүхий л мэдээллийг хуулбарлахыг зоридог тул та картаар төлбөр төлөхөөсөө өмнө аль банкны ПОС машин болохыг нягтлаж шалгах нь зөв юм.
9. Сэжигтэй имэйл хуурамч холбоос бүхий линкнээс болгоомжил
Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг болон төлбөрийн картын мэдээлэл зэргийг олж авах зорилгоор цахим гэмт хэрэг үйлдэгчид нь хуурамч вебсайт, линк холбоос зэргийг ашигладаг. Ингэхдээ цахим орчинд хямдрал урамшуулал, сонжоо гэх мэт анхаарал татахуйц мэдээ мэдээллийг бэлтгэн и-мэйл болон вебсайтуудаар тараадаг. Иймд сэжигтэй и-мэйл болон вебсайтын холбоос линк дээр дарахгүй, хувийн мэдээллээ оруулахгүй байснаар хувийн аюулгүй байдлаа хангах боломжтой юм.
10. Бусдад хувийн данс болон төлбөрийн картаа бүү ашиглуул
ATM-c өөрийн дансаар дамжуулан бусдад бэлэн мөнгө авч өгөхөөс ямагт татгалзаарай. Бусдын хүсэлтээр АТМ-ын төхөөрөмжөөр дамжуулан төлбөр төлөх, мөнгө шилжүүлэх эсвэл бэлэн мөнгө авч өгөх зэрэг нь эрсдэлтэй бөгөөд залидагч этгээд таны данс, төлбөрийн картыг ашиглан санхүүгийн гэмт хэрэг үйлдэж мэдэх тул тэдэнд боломж бүү олгоорой!