Банк нийтээр эрсдэлийн засаглалын бүтцийн дагуу Эрсдэлийн Аппетитийн тогтолцоог хэрэгжүүлж ажилладаг. ТУЗ нь “Гурван давхар хамгаалалтын шугам” бүхий эрсдэлийн засаглалын бүтцийг банканд хэрэгжүүлдэг бөгөөд Ашгийн төлөө ажиллаж буй бизнесийн нэгжүүд нэгдүгээр хамгаалалтын шугам, Эрсдэлийн удирдлагын хороо ба Эрсдэл хариуцсан захирлын харъяа газар нэгжүүд нь хоёрдугаар хамгаалалтын шугам, Дотоод аудитын газар гуравдугаар хамгаалалтын шугамыг үүсгэдэг.
Зураг 1. Эрсдэлийн удирдлагын тогтолцоо
Банкны хэмжээнд хэмжиж, удирдахаар ажиллаж буй үндсэн эрсдэлүүдэд зээлийн эрсдэл, зах зээлийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл, комплаенсийн эрсдэл, гэрээлэгч тал ба гуравдагч этгээдийн эрсдэл, хуулийн эрсдэл, нэр хүндийн эрсдэл, технологийн эрсдэл болон бусад эрсдэлүүд багтдаг. Эрсдэлийн засаглалын үүрэг хариуцлага болон нэгдсэн хяналтыг хэрэгжүүлэх нь ТУЗ-ийн үндсэн зорилгуудын нэг юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд эрсдэлийн засаглалын үндсэн бүрдүүлэгчид болох эрсдэлийн соёл, эрсдэлийн аппетитын хязгаар, эдгээрийн эрсдэл даах чадвар болон банкны нэгдсэн хяналт, баланстай үүсгэх уялдаа холбоог нэн тэргүүнд чухалчилдаг.
Зураг 2. Эрсдэлийн соёлын пирамид
Санхүү бүртгэлийн тогтолцоо
Санхүү хариуцсан захирлын харъяа нэгжүүд нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, НББ-ийн олон улсын стандартад нийцүүлэн банкны НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хөтлөх, сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлан бүртгэлийн системийг боловсронгуй болгох, нэгжийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах ажлыг хариуцдаг. Тус нэгжүүд нь банкны удирдлага болон бүх шатны хэрэглэгчийг мэдээллээр хангах, Монголбанкнаас тогтоосон банкны шалгуур үзүүлэлтийн зохистой харьцааг хангах, санхүүгийн чадварыг өсгөхөд чиглэсэн санхүүгийн бодлого боловсруулах, банкны үйл ажиллагааны зардлыг хянаж, хуваарилах, банкны зардлын төсвийг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн банкны сар, улирал, жилийн санхүүгийн тайлан балансыг хөтөлж, Монголбанк, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуулийн хугацаанд хүргүүлж, тогстон хугацаанд хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулж, баталгаажуулах үүргийг гүйцэтгэж байна.