БАНК ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ХАМГААЛДАГ ВЭ?

 Банк харилцагч таны мэдээллийг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн хадгалж, хамгаалах үүрэгтэй байдаг. Мөн түүнчлэн харилцагч таны мэдээллийг хувь хүний зөвшөөрөлгүйгээр аливаа этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чанд сахин ажилладаг. Зөвхөн шаардлагатай тохиолдолд Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зохицуулагч байгууллага болон эрх бүхий хууль, хяналтын байгууллагад харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээдэг. 

Банк харилцагч танд санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэхдээ мэдээллийн аюулгүй байдлын дараах арга хэмжээг авч ажилладаг. Үүнд:

  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод дүрэм журмыг боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг;
  • Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах мэргэжлийн сертификаттай чадварлаг баг хамт олныг бүрдүүлж ажилладаг;
  • Харилцагчийн хувийн, нууцлалтай болон эмзэг мэдээллийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт (ISO27001, PCI DSS, SWIFT CSP, GDRP…) шаардлагын дагуу хамгаалж ажилладаг;
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах шинэ шийдэл, техник технологиудыг судалж цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн сайжруулж ажилладаг;
  • Харилцагчийн интернэт банкаар хийгдэж буй гүйлгээ болон цахимаар авч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг аюулгүй бөгөөд саадгүй хүргэхийн тулд харилцагчийг танин баталгаажуулах арга хэрэгслийг ашиглан харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг хамгаалан ажилладаг;
  • Тогтмол хугацаанд зохицуулагч байгууллагууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн байгууллагаар аудит, үнэлгээ хийлгэн банкны мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааг баталгаажуулдаг;
  • Цахим банк болон бусад мэдээллийн системүүд дээр аюулгүй байдлын эмзэг байдал, сул талуудыг илрүүлэх үнэлгээ, тестүүдийг хийж, үр дүнгийн дагуу нэмэлт сайжруулалт, шинэчлэлтийг байнга хийж ажилладаг.

Мөн “Хувь хүний мэдээлэл хамгаалахтухай” хуульд харилцагч та хувийн нууцлалтай болон өөрт хамааралтай эмзэг мэдээллийг бусдад дамжуулах цуглуулахыг зөвшөөрөх болон татгалзах, алдаатай мэдээллийг залруулах мөн шаардлагатай тохиолдолд устгуулах, хувийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангах зэрэг эрх үүргийг хүлээдэг байна. Иймд харилцагч та банканд бүртгэлтэй хувийн мэдээллээ нягтлан баталгаажуулж өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр банканд мэдэгдэж мэдээллээ шинэчилж байгаарай. 

Харилцагч таны мэдээлэл тогтмол шинэчлэгдснээр мэдээллийн аюулгүй байдлын олон эрсдэлд өртөхөөс сэргийлэхээс гадна аюулгүй байдалтой холбоотой асуудал гарсан тохиолдолд таньтай түргэн шуурхай холбогдоход боломжийг олгох юм.

Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү